Би нээх их кино үзээд байдаггүй л дээ. Гэхдээ Фантастик Продакшний дэлгэцийн уран бүтээлийг цаг алдалгүй шимтэн үздэг. Сүүлд Зүрхний Хилэн уран сайхны киног төгс бүтээл болж гэж үзэгчийхээ дүгнэлтээс харсан. Саяхан Маш нууц 2 буюу Байтаг богд кино нээлтээ хийсэн билээ. Энэхүү кино нь Одоогоос 60 жилийн өмнөх Байтаг богд уулнаа гарсан хилийн мөргөлдөөнийг тод томруунаар харуулсан байлаа. Би үнэндээ эх орон гэж яг юу вэ гэдгийг энэ киног үзэснээр л мэдэрсэн. Ганц кино үзээд ингэж ойлгож мэдэрсэн нь явцуу ойлголт л доо. Гэхдээ миний үеийн залуучууд хэзээ ч түүхээ судалдаггүй, уншдаггүй, эрж хайдаггүйг би мэднэ. Бидний энэ эх орон ямар агуу их түүхтэй юм бэ? Ямар баялаг юм бэ? Бидний аав, өвөө нар ямар хэцүүг туулж энэ газар нутгийг бидэнд үлдээгээ вэ?... Би Байтаг Богд киног үзээд зөвхөн энэ зүйлсийг бодож цээж минь өвдөж, өвөг дээдсээ хүндэтгэж бас өр өвдөж нулимс унагаан үзсэн юм. Энэнээс өөр маш олон сэтгэл шимшрүүлэм түүх, дайн, тулаан байгаа. Өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цус цохилох зүрх нь зөвхөн энэ газар шорооны төлөө үргэлж тэмүүлж байж. Магадгүй тэд дайны талбарт байхдаа юу бодож байсан бол? Гэртээ байгаа эцэг эх, үр хүүхэд, бүр цаашилбал эх орноо бодон тулалдсан байх. Би энэ бүхнийг яагаад ярьж байгаа вэ гэвэл хойчийн залуу үе бид эх орон нутаг усаа хайрлахгүй бол болохгүй цаг үе иржээ. Энэ эх орны төлөө өвөг дээдэс минь хэлж барамгүй гавьяа байгуулж тоо томшгүй их цус урссан. Наад зах нь та бүхэн минь Байтаг Богд киног үз. Дараа нь эх оронч гэж цээжээ дэлдэх биш эх орон гэж юу гэдгийг ухаарах болно. Залуу үеийхэн бид түүхээ судалж, уншиж чадахгүй юм бол ядаж түүхэн уран бүтээл үзээрэй. Фантастик продакшний уран бүтээлчид Байтаг Богд киногоор дамжуулан залуус бидэнд эх орон ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг чадан ядан харуулхыг хичээсэн болов уу?
Энэхүү товч бичсэн зүйл маань зөвхөн миний сэтгэгдэл гэдгийг та бүхэн зөвөөр ойлгон уншаасай гэж хүсэж байна. Мөн Фантастик продакшний (Fantastic production) хамт олонд гүнээ талархаж бас бахархаж байна. Та бүхэндээ баярлалаа амжилт хүсье.
➤Зураг: Байтаг Богд www.bestnews.mn-ээс
Байтаг богд киноны Үеийн үед дууны үгийг хавсаргав.
Хайрлах халуун эх нутаг минь
Хамгаалж явах ёстой эрх чөлөө
Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо
Хайрлаж яваарай үеийн үед
Эгэл аавын зоригт хөвгүүдийг
Эгшин зуурч мартах учиргүй
Амиараа хамгаалсан эрхэм бүхнээ
Хайрлаж яваарай үеийн үед
Дх: Ямархан хэцүү заяаг туулсаар
Монгол минь бүтэн үлдээ бол
Яруу алдараа сонсож амжаагүй
Хэчнээн баатар үрэгдээ бол
Үлдээх ариун ус агаар минь
Өвлүүлэх энэ газар шороо минь
Мандаж байх ёстой төрийн далбаагаа
Хайрлаж яваарай үеийн үед
Comments
Post a Comment